Бүжгийг дотор нь ардын бүжиг, түүхийн бүжиг, сонгодог бүжиг гэж хуваадаг. Ардын бүжиг гэдэг нь ард түмний амьдралын хүсэл мөрөөдөл, ёс суртахууныг илэрхийлсний дээр өргөн дэлгэрч хөгжжээ.
Аль ч талаараа тайзан дээр тоглохоор зориуд зохиосон бүжгээс ялгаатай байдаг атлаа бүх бүжгүүдийн эх сурвалж нь болдог. Халх бүжигт гол төлөв уул ус, нутаг орон, сайн морь, сайхан баатарын дүрийг дүрсэлдэг бол халх эмэгтэйчүүд өөрсдийн хөдөлмөрийн байдал буюу сүү саах, ноос савах, дээс томох гэх мэт хөдөлгөөнийг бүжигтээ шингээсэн байдаг. Монголын бусад ястангуудын бүжиг монголын бүжгийн урлагт том суурийг эзэлдэг бөгөөд торгууд ард түмний “агсал”, “цацал” зэрэг бүжгүүд өнөөг хүртэл уламжлагдан иржээ. “Агсал” бүжиг нь торгууд ардын нэгэн баатар эрийн дүрийг амилуулсан байдаг. Дөрвөдийн “аягатай бүжиг”-т эмэгтэйчүүдийн цээжний сул чичиргээ бүхий уян хөдөлгөөн дээр үндэслэн толгой дээрээ тавьсан аягатай сүүг цалгиулалгүй бүжиглэдэг онцлогтой. Баруун монголын бүжгийн ерөнхий хөдөлгөөн нь цээжний хөдөлгөөн бөгөөд голдуу гэрт дугуйран суусан хүмүүсийн дунд бүжиглэдэг учраас тэр байдалд зохицсон байдаг. Хасаг бүжиг нь хоёр гар, толгой мөрний нэлээд түргэн хөдөлгөөн ихтэй, нэг хөдөлгөөнөөс нөгөө рүү шилжих нь хурдан байдаг. Буриадын “хатир” бүжиг нь мөн адил хөл толгойн түргэн хөдөлгөөнөөр илэрхийлэгдэхийн хамт ихэнх нь дуутай байдгаараа онцлогтой. Буриадын “ёохор”, “еэхэр”, “ээрэмших”, “ниргэлгээ” зэрэг тойрон бүжгүүдийг нийтээрээ сайн мэддэг билээ.
Түүхийн бүжиг нь түүхийн сэдвээр зохиогдсон байдаг бөгөөд хүн ардын аж амьдрал, зан заншил, ёс суртахуун, хувцас хунар зэргийг үнэн бодит байдлаар үзэгчдэд харуулж таниулах зорилготой. Энэ төрөлд хамаарах монголын эртний хаадын ордны бүжиг нь тухайн үеийн угсаатны амьдрал байдлыг харуулж, түүнд шингэсэн ардын бүжиглэлийн үндсүүдийг илэрхийлдэг. “Юань улсын судар”-ын 21 дүгээр дэвтэрт өгүүлснээр, тухайн үед хаадын орд өргөөнд “Эрдмийг эрхэмлэх бүжиглэл”, “Дээд тэнгэрийн хааны сууринд архи өргөх бүжиглэл”, “Газар бүхний эх тэнгэрт архи өргөх бүжиглэл”, “Тайзугийн сууринаас архи өргөх бүжиглэл” гэх зэргийн ёслолын бүжиглэл байсан байна. Энэ бүжгүүд тус тусдаа дэг хөдөлгөөнтэй бөгөөд хэнгэрэг дэлдэх тоолонд бүжгийн нэг дэг хөдөлгөөн нөгөөгөөрөө солигдон шилждэг байжээ. Эдгээр ёслолын бүжиглэлээс гадна “Өвгөдийн сүмийн бүжиглэл” гэдэг ёслолын мөртлөө шүтлэг тахилгын чанартай бүжгийг тэр үед хийж байжээ. Монголчуудын бүжгийн эртний хэлбэр нь бөөгийн бүжиг, сүүлчийн хэлбэр нь цамын бүжиг юм. Сүм хийдийн цамын бүжигт монгол ардын эрт үеэс уламжлан ирсэн аман зохиолоос сэдэвлэсэн олон бүжгийг дэглэдэг байв. Хувьсгалаас өмнө сүм хийдийн цамаас гадна тусгайлан тоглогдож байсан бүжиг бий. Халхын То вангийн санаачлан байгуулсан “Хөгийн найман багачуудын дэг” нэртэй уран сайхны тоглолтыг “Хамгийг хамгаалагч”, “Тамсагийн хийд” зэрэг сүм хийдэд тоглодог байв. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байдаг Гүн нуурын дэргэд “Асрын наадам” зохион байгуулж дан эмэгтэйчүүд өнгө өнгийн алчуур нэг гартаа барин, нөгөө гартаа дэвүүр барин дуутай бүжиг хийдэг байжээ. Хүрээнд “сагар, чогор” хэмээх бүжиг тоглож байжээ. Сагар гэдэг нь түвдээр “газраар тойрно” гэсэн утгатай, чогор гэдэг нь “магтан ерөөж өргөнө” гэсэн утгатай түвд үг юм. Тус бүжиг Түвдээс гаралтай ардач үзэлтэй бүжиг байсан бөгөөд Монголд шарын шашин дэлгэрэх үед үүсчээ. Сонгодог бүжиг бол ардын бүжгээс үүсэн гарсан бөгөөд ардын бүжгийн урлагаас сурвалж авч байдаг бүжгийн урлаг юм. Монголд эртнээс нааш театрын тайзан дээр биеэ даасан утга санаатай, хөдлөл хөдөлгөөнтэй орчин үеийн монгол бүжиг бий болжээ. Тухайлбал, “наадам”, “бөхчүүд”, “манай хувцас”, “цаатан”, “баярын өглөө”, “хүрэн толгод”, “адуучин”, “хоёр залуу”, “галын наадам”, “эрх ишиг”, “тэшүүрчин”, “шилбүүрт бүжиг”, “хургачин” гэх мэт олон бүжгүүдийг нэрлэж болох бөгөөд Лувсангомбо, Цэрэндулам, Гомбо, Лувсангунгаа, Раднаа, Ичинхорлоо, Сэвжид, Мажигсүрэн, Гочоосүрэн, Нанжид зэрэг алдарт бүжигчин, бүжиг дэглэгч нар эдгээрийг төрүүлжээ.
Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном
0 comments:
Speak up your mind
Tell us what you're thinking... !