Эрт үеэс эхлэн ардын аман зохиолын хэлбэрээр хөгжиж, богино хэмжээний аялгуутай дуулагдаж ирсэн, зохиогч нь үл мэдэгдэх дууг ардын богино дуу хэмээн нэрлэдэг. Үндэстэн ястан, нутаг усныхаа онцлогийг тусгасан үг аялгуутайгаараа ялгаатай. Халх,
буриад, үзэмчин, баяд, халимаг, хотгойд, дарьганга, цахар ардын дуунаас гадна “хүрээ дуу” гэж бий. Хүрээ дуу нь 1900-1930-аад онд
түгээмэл тархсан, ихэвчлэн шанздаж дуулдаг бөгөөд ард түмний дунд “Янжуур тамхи”, “Хөх торгон цамц”, “Ганган хул”, “Жийжүү хот”, “Хэенхуар”, “Зуун лангийн жороо луус” зэрэг олон дуу дуулагддаг. Баруун Монголын уулархаг нутагтай ард түмний дуу богинохон, түргэн айзамтай байдаг байхад тал хээрийн бүсийн зон олны дуу нь аялгуу уужим тавиу байдаг. Ардын богино дууг төрийн ёслолын, эцэг эх, ачлал энэрлийн, хайр сэтгэлийн, нутаг усны, хүлэг морины, эр зоригийн, наадам зугааны, гуниг харууслын хэмээн ялгаж иржээ. Ард түмний дунд ардын богино дууг агуулгын хувьд маш олон янзаар ангилан нэрлэж байжээ. Шог дуу, хохир дуу, гэгүүр дуу, шалиг дуу, завхай дуу, шагшуур дуу, ахрын дуу, араг саврын дуу, шавшай дуу, хүрээ дуу, савсага дуу, ёдор дуу, бага дуу гэх мэтээр нэрлэж байв. Үг нь онч мэргэн, утга агуулга гүнзгий, яруу тод хэллэгтэй байдаг. Ардын богино дууны хөг аялгуу
нь огцом, нугалаа цөөнтэй, дуулахад хялбар тул нийтлэг дуулагддаг. Төрийн ёслол болон өрх гэрийн найр наадам, хурим цэнгүүн дээр богино дуу дуулдаггүй. Зарим цөөн тохиолдолд найр наадмыг өндөрлүүлж богино дуулдаг бөгөөд баяр цэнгэл, хайр энэрэл, аргамаг сайн хүлэг, ажил үйлсийн тухай дуулна. Тухайлбал, “Тохой зандан мод”, “Алаг эрээн нум”, “Саатай тоорцог”, “Хотгойдын унага” гэх мэт. Халхчуудын дунд феодалын нийгмийн дарангуйлал, шарын шашин, хууль цааз, хаад ноёдын эсрэг чиглэсэн гүн гүнзгий утга агуулгатай хошин дуу их байжээ. Тухайлбал, “Дөвчин унзад”, “Жасын нярав”, “Нарийн цагаан хус”, “Суман дэлт”, “Бундан дэнлүү” гэх мэт.
Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном
0 comments:
Speak up your mind
Tell us what you're thinking... !