Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Эргэлийн зоо нь байгалийн сонин тогтоцтой палеонтологийн олдвор ихтэй, газар бөгөөд 30 сая гаруй жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон эртний сүүн тэжээлтэн загас, яст мэлхий, гүрвэл зэрэг сээр нуруутны олдворыг хадгалсан хурдас чулуулгаас тогтсон ширээ хэлбэрийн тэгш өндөрлөг юм. Иймээс эртний амьтан, ургамлын ховор олдворыг байгалийн
байдлаар нь хадгалах зорилгоор 1996 онд 60 910 га газрыг хамруулан тусгай хамгаалалтад авсан байна. Америкийн эрдэмтэн Рой Чэпмен Эндрюс, Оросын эрдэмтэн И.А.Ефремов, Польшийн нэрт эрдэмтэн К.Яваровская нарын удирдсан олон экспедиц энд судалгаа хийж байжээ. Энэ газрын тухай дэлхийн эрдэмтэдийн бичсэн 50 орчим эрдэм шинжилгээний бүтээлүүд байдаг.
Эргэлийн зоогоос олдсон эрт галавын олон амьтаны чулуужсан яс дэлхийн болон Монголын байгалийн түүхийн музейнүүдэд хадгалагдаж байна. Эргэлийн зоо нь уртаараа 60 гаруй, өргөнөөрөө 20 орчим км үргэлжилдэг. Эргэлийн зооны үржил шим сайтай хөрсөнд бударгана, суль, агь, таана, хөмөл, ерхөг, тэсэг, шар мод, алтан харгана, хайлаас зэрэг олон овог төрлийн ургамал ургаж, аргаль хонь, хулан адуу, хар сүүлт, шилүүс зэрэг ховор амьтдаас гадна чоно, үнэг, хярс, дорго гэхчилэн махан идэшт хөхтөн агнуурын амьтад, бүргэд, ятуу, ногтруу, элээ, ууль, сар гэхчилэн жигүүртэн нутагладаг.
Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном
0 comments:
Speak up your mind
Tell us what you're thinking... !